January and February favorites

Сайн байцгаана уу уншигчид минь?

Нэг л мэдэхэд 3 сар болчихсон байх юм. 2018 оны төгсгөлд өөртөө амлаж байсан зүйлсээ хийж эхэлсэн үү? Таны хувьд 2 сарын дотор амьдралд тань ахиж дээшилсэн ямарваа үйл явдал болсон уу? Эсвэл та ямар нэг шинэ хобби, зуршлыг амьдралдаа хэвшүүлсэн үү?

Энэ бүх асуултанд өөрийнхөө зүгээс хариулж 2 сарын дотор өөрт хэвшүүлсэн шинэ зуршлуудаа болон надад тохиолдсон үйл явдлаас сурч авсан сургамжуудаа энэ удаагийн нийтлэлээрээ та нартайгаа хуваалцъя.

Арьс арчилгаа

2019 ондоо тавьсан зорилгуудын хамгийн чухал нь арьс арчилгаандаа илүү ихээр анхаарах байсан учраас он эхлэв үү үгүй юу эдгээрийг хэрэглээд одоогийн байдлаар 2 сар болчихсон байна.

Foreo luna mini 2:

Өмнө нь нүүрээ зөвхөн гараараа угаагаад л болчихдог. Угаасныхаа дараа нүүрээ арчихаар алчуур нүүрний будаг болчихдог, ерөнхийдөө товч үгээр хэлбэл нүүрээ дутуу угаадаг байсан гэсэн үг. Төрөл бүрийн нүүр угаагч багснуудыг сонирхож үзсэн боловч эдгээр багснуудад бактери үржих боломж ихтэй байдаг гэдгийг мэдээд үүнийг сонгож хэрэглэсэн.

Үнэний хувьд бага зэрэг үнэтэй ч өөрт оруулж буй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Багсны хувьд силиконоор хийгдсэн тул энгийн нилон материалаас 35 дахин бактерийн үржил багатай гэж бичсэн байсан. 2 сар тасралтгүй хэрэглэсний хувьд миний та нарт яалтачгүй зөвлөх бүтээгдэхүүн гэж хэлж болно. Надад үнэхээр таалагдсан. Чичиргээний хурдыг 8 янзаар сонгож болдог, 3 өөр хэмжээний багсны хэсэгтэй учраас их таалагдсан.

52911216_410246379781150_1587237990671843328_n

Тоник болон сэрүм: 

Би өмнө нь нүүрээ угаагаад тос түрхээд л унтчихдаг. Сүүлд зовхины тосыг арьс арчилгаандаа хэрэглэж эхэлснээс өөр онцын бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байлаа. Зарим хүмүүсийн арьс арчилгааны зөвлөгөөг үзэхээр толгой эргэм олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдгийг хараад юу сонгохоо мэдэхгүй хэсэг явсны эцэст энэ 2 бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэлээ.

Тоникыг нүүрээ угаасныхаа дараа гартаа бага зэрэг аваад хөнгөн маягаар нүүрэндээ тогших маягаар тарааж, энэхүү нүүрийг гадны орчноос хамгаалах сэрүмийг дараа нь яг адил аргаар нүүрэндээ тарааж түрхдэг. Энэ 2 бүтээгдэхүүнийг хэрэглээд 2 сар болсны дараах үр дүн гэвэл арьс цаанаасаа гэрэлтээд, мөн арьсны чийглэг тэнцвэртэй, хацрын улаалт зэрэг маань багассан ажиглагдаж байна.

Заавал энэ 2 гэлтгүй ямарваа тониксэрүмийг арьс арчилгаандаа заавал оруулж хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Үнэхээр гайхалтай үр дүн үзүүлдэг юм байна.

53603257_2578354482237492_1874979389091872768_n

Нүүрний маск:

Би нүүрний маскыг 7 хоногт 1 удаа заавал тавьж хэвшүүлээд удаж байна. Өвлийн улиралд арьс ялангуяа маш их хуурайшдаг учраас болж өгвөл 2 удаа тавьсан ч болно. Нүүрний салфеткан маскыг хэрэглээд олон жил болсны хугацаанд маш олон төрлийн маскыг хэрэглэж үзлээ. Миний хувьд арьсанд хамгийн сайн гоё чийгшил өгсөн саяхан олж мэдсэн одоогоор миний дуртай хэрэглэж байгаа маскыг та нартайгаа хуваалцъя гэж бодлоо.

Зөгийн балын агууламжтай дотроо хангалттай хэмжээний сэрүм агуулсан их сайн маск санагдсан.

53060054_354007705204070_3727934331918745600_n

Амьдралын хэв маяг

Шүүж уудаг хар кофе:

Би өдөрт ойролцоогоор 1-2 аяга кофег заавалчгүй уудаг зуршилтай. Хамгийн анх кофе ууж эхэлж байхдаа хуурай сүүтэй найруулдаг кофе уудаг байлаа. Дараа нь төрөл бүрийн кофе шопд зарагддаг латте, каппучино гэх мэтчилэн сүүтэй коферуу шилжин, ихэнхдээ л найруулдаг кофе уудаг байсан. Шалгалттай үеэр сахар, сүүтэй кофе их ууснаас болоод жин нэмж, шүдний өнгөнд өөрчлөлт орж байгааг анзаарсан юм. Иймэрхүү шалтгаанаас болоод, мөн кофе ууж сурсан хүмүүс аяндаа хар кофег илүүд үзэж эхэлдэгчлэн би ч мөн кофег сүүгүй ууж эхэлсэн юм. Энэ жилийн зорилго маань гэвэл кофены урлагт бага ч гэсэн суралцаж зүгээр уух биш урлаг гэж харан, ууж байгаа зүйлээ сайн мэдэж авч , зөв ууж ашигтай үр шимийг нь хүртэх байсан юм.

Энэхүү кофе шүүгч нь хэрэглэхэд хялбар, гэхдээ та нар минь энийг худалдаж авбал яаж хэрэглэхийг заасан бичлэг үзээд зөв хэрэглээрэй.

53378603_262672737977887_6768467630673100800_n

Гэрэл цацруулдаг сэрүүлэгтэй цаг (Philips wake up light):

Над шиг нойрмог хүнд яалтачгүй хэрэгтэй зүйл. Ялангуяа Норвегид өвлийн хэдэн сар өдрийн хэдхэн цагт л нартай, өглөө сэрэх бүрд хав харанхуй байдаг нь өглөөг эрч хүчтэй эхлүүлэхэд саад болдог. Энэ цагны давуу тал нь гэвэл сэрүүлэг дугарахаас 30 минутын өмнөөс өөрөөсөө бага багаар байгалийн гэрэл цацруулж, нэг ёсондоо би байгалын гэрэлд өөрөө сэрдэг шиг сэрнэ гэсэн үг юм. Миний бодлоор энэ цагийг өвлийн харанхуй үед хэрэглэвэл илүү үр дүнгээ өгдөг юм шиг санагдсан. Мөн цагныхаа гэрлийг орны дэргэдэх гэрэл болгон ашиглаж ч болох юм шиг санагдсан шүү.

53186697_976117739443814_7579817009068638208_n

Ikea-гийн үнэртэй лаа (Friskhet- fjellduft):

Би үнэртэй лаанд үнэхээр дуртай. Одоогоор миний хамгийн дуртай байгаа үнэр бол ой модыг санагдуулам цэвэр цэнгэг агаар шиг үнэр. Миний өмнө нь икеагаас авч байсан лаануудаас хамгийн их таалагдсан лаа маань энэ. Үнэхээр супер үнэртэй, над шиг иймэрхүү үнэртэнд дуртай уншигчиддаа заавал аваарай гэж зөвлөмөөр байна. (Өөрийнхийгөө аль хэзээний хэрэглээд дуусчихсан тул интернетийн зураг ашиглачихлаа.)

Skjermbilde

Ном (Эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас ирсэн):

Өмнө нь энэ номыг унших юмсан гэж бодож явсан боловч тохиргоо нь бүрдэхгүй яваад л байдаг байлаа. Харин азаар энэ номыг олж авч эхлүүлсэндээ маш их баяртай байна. Энэ номыг эрэгтэй эмэгтэйгүй бүгд уншиж, эсрэг хүйстэнтэйгээ хэрхэн харилцах талаарх мэдлэгтэй болоосой гэж зөвлөмөөр байна. Зөвхөн үерхэл дурлал гэлтгүй, өдөр дутамдаа гэр бүл, найз нөхөд гээд хүрээлэлд байгаа эсрэг хүйстнүүдээ ойлгох боломжийг олгох энэ номонд би бүр орчихсон байгаа! (Би энэ номыг Норвегиор уншиж байгаа.)

53172720_254813915427129_6990665667787620352_n

Өөрийн дизайнаар хийлгэсэн тэмдэглэлийн дэвтэр:

Аливааг хийж амжуулж, бүтээлч байж, хичээл сургууль ажил амьдралаа зохицуулахад минь тусалдаг тэмдэглэлийн дэвтэргүйгээгээр амьдралаа төсөөлж чадахгүй нь. Миний тэмдэглэлийн дэвтэрний талаар бичиж байсан нийтлэлүүдийг уншиж байсан уншигчид маань байвал та нартаа амалсанчлан 2019 оныг өөрийн дизайнаар хийлгэсэн дэвтэртэй эхлүүллээ. Энэ дэвтэрнийхээ дотор гадна гээд бүхнийг тусдаа нэг нийтлэлээр оруулах болно.

52842288_387290285395280_1821068134958759936_n

Танин мэдэхүй

Влог:

Энэ 2 сарын туршид үзсэн влогуудаас хамгийн таалагдсан, аливааг сурч авсан хэдийгээ та нартайгаа хуваалцъя.

Дуу:

Миний амьдралыг дуугүйгээр төсөөлшгүй. Энэ 2 сард хамгийн их сонссон дуунуудаа та нартайгаа хуваалцъя.

Сэтгэлгээ

Энэ 2 сард ойлгож ухаарсан зүйлсээ хуваалцъя.

  • Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө. Одоо хийж байгаа ажил, дасгал, хооллолт гээд энэ бүхэн зөвхөн чи өөрийнхөө төлөө хийж байгааг сана. Хийх дургүй ажлаа хийж байгаа бол өөрийнхөө төлөө дуртай ажлаа олж хий, хийж чадахгүй бол илүү дутуу зүйл ярилгүй урдхаа хийх. Энэ бол зөвхөн чиний сонгосон зам, чиний амьдрал.
  • Хэн нэгэнд найдалгүй, байдлыг гартаа атган, хэн нэгнээс мэдээлэл ирэхийг хүлээлгүй өөрөө бүхнийг судалж мэдэх.
  • Хэдийгээр хүнд итгэх итгэлээ хэн нэгнээс болж алдаж байж болох ч бүх хүн тийм биш гэдгийг сана. Итгэл бол ямар ч харилцааны хамгийн гол түлхүүр учир зүгээр л итгэ. Чадахгүй бол боль.
  • Хэнээс ч юуг ч битгий хүлээ. Хэдий чинээ их хүлээлт үүснэ төдий чинээ чи өөрөө зовно.
  • Хайртай өөртөө чухал хүмүүстэй цаг гаргаж, авахаас илүү өгөхдөө анхаарах.

За ингээд энэ удаагийн нийтлэлийг маань энэ хүртэл уншсан уншигчиддаа баярлалаа. Та нар минь нэг ч гэсэн зүйл шинээр мэдэж авсан гэж найдъя.

Харин нийтлэлийнхээ төгсгөлд та нараасаа нэг зүйл асуумаар байна. Та 2019 оны эхний 2 сарын туршид юуг шинээр мэдэж авч, ямар шинэ зуршилтай болж, өөрийгөө хувь хүн талаасаа хэрхэн хөгжүүлсэн бэ?

Хариултаа коммент хэсэгт үлдээж бусдадаа нэг хэрэгтэй зүйлийг зааж, нэгнээсээ суралцацгаая.

Б.Мичидмаа.

 

 

2 thoughts on “January and February favorites

  1. 1. Биеэ, галбиртаа хэрхэн анхаарч энхрийлдэг вэ, тэрэн шигээ сэтгэл зүйгээ дутахгүй, бүр ч илүү их анхаарч энхрийлж явууштай

    2. Үнэхээр хүний дотоод сэтгэлийг гаднаас нь хараад яаж ч тааж төсөөлж барахгүй учир хүн шүүхгүйг хичээх хэрэгтэй

    3. Болж л өгвөл бичих, өөрөөсөө текст төрүүлж байх хэрэгтэй гэсэн ийм 3 юмыг ойлгох шиг болсон.

    Энийг уншаад үзээрэй -> http://www.trends.mn/n/2922

    Like

  2. Ямар сайхан бичээ вэ. Би ч гэсэн өөртөө хийж бий болгоё гэсэн зүйлс олон байгаа боловч сүүлийн үед нэг л болж өгөхгүй байна. Энэ онд хэрэгжүүльегэсэн зүйлээс зөвхөн ганцыг буюу швевд хэлийг л сурч байна даа. Харин ойрноос фитнесст явах талаар бодож байгаа.
    Ер хүн залуу байхдаа ганц бие байхдаа л олон зүйлийг хийж өөртөө зуршил болгож чадах юм бол хожим түүнийгээ байнга үргэлжлүүлж чаддаг мэт санагдлаа.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s