Эмэгтэйчүүдэд зориулсан бие хамгаалах курсэд сууж үзлээ

Сайн байцгаана уу уншигчид минь? Нийтлэлээрээ уулзаагүй их удсан байна. Та хэд маань миний оруулсан подкастуудыг сонссон уу? Миний хувьд зөвхөн нэг төрлийн зүйл хийхээсээ илүү олон төрлийн юм туршиж өөрийгөө нээж олох дуртай учраас найзтайгаа хамт хэдэн подкаст бичүүлсэн байгаа. Сонирхвол сонсоод үзээрэй..

За ингээд гол сэдэвтээ орцгооё!

2018 он миний хувьд шинэ эхлэл болж, өөрийгөө өмнөхөөсөө илүү ихээр хайрлах боломж олгож байгаад их баяртай байна. 1 сараас эхлээд эндхийн оюутнуудад зориулсан дасгалын төвд бүртгүүлээд 3 сарын хугацаанд дасгал хийхдээ өмнө нь хийж үзээгүй маш олон төрлийн дасгал сургуулилтуудыг хийж, өөрийгөө ямар үед ямар зан гаргаж байгааг олоод харлаа. (Тэр дасгалын төвийн талаар дараа нь нэг тусдаа нийтлэл оруулна аа)

Идэвхтэй, цагаа зөв зарцуулаад эхлэхээр цаанаасаа төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох идэвх нэмэгдээд ирдэг юм байна. Саяхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсонтой холбогдуулаад бие хамгаалах урлагийн төвөөс эмэгтэйчүүдэд зориулсан үнэгүй сургалтанд суув аа.

Эхэндээ за биеэ хамгаалаад сурчхад хэрэгтэй, ер нь тэгээд эмэгтэй хүн сул дорой байх ёстой юм уу? гэсэн бодолтой орж ирэв. Тэгээд дасгалжуулагч эмэгтэй багшийг хараад надад хамгийн түрүүнд орж ирсэн бодол гэвэл ямар гоё хүчирхэг, үзэсгэлэнтэй, гоё эмэгтэй вэ гэж.. Үнэхээр биширмээр, яг л “Вондер вүмэнд” тоглодог жүжигчин шиг.

25995011_1642156755841339_2376211068585812262_n

За тэгээд эхнээс нь эмэгтэй хүн юу юу ашиглаж биеэ хамгаалж болох вэ, ямар үед ямар аргаар биеэ хамгаалж, бултаж зугтах вэ гэх мэт. Ямар үед яаж биеэ хамгаалбал хууль зөрчихгүй байх вэ гээд л сурч авлаа. Дараа нь төрөл бүрийн хөдөлгөөнийг хамтрагч найзтайгаа давтаж хийж үзээд болмоор дажгүй санагдлаа. Гэхдээ найзтайгаа туршиж үзэж байсан учраас нэг л хүрж ядаад яг сайн хийж өгөхгүй байгааг анзаарсан багш маань гадуураа зориулалтын хувцас өмссөн жинхэнэ эрэгтэй хүнтэй тулалдаж, биеэ хамгаалахыг санал болгосон юм. Яг тэр үед л эмэгтэй хүн халдлагад өртөх үед ямар санагддаг болон эрэгтэй хүн эмэгтэй хүний хажууд хүчээрээ ямар аймаар давамгайлдгийг ойлгож авсан юм даа.

Эхний оролдлого дээрээ нүдээ тас аниад нөгөө хэдэн сурсан мэхнүүдээ хийж үзэв ээ. Нэг л болж өгдөггүй. Тэгээд дараа нь найзуудаасаа сонсоход би нүдээ аниад их айгаад байсан гэлээ. Бүгдээрээ л чи нүдээ нээгээд сайн хараад айхгүйгээр бэлдээд үз гэлээ. Дараагийн удаа дахиад тулалдах болоход тэр эрэгтэй багш “За би яг жинхэнээсээ дайрна шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэсэн. За ингээд л бүр хоолой багалзуурдах гэж дайраад л, дээр гараад үнэхээр аймаар санагддаг юм байна лээ. Гэхдээ өмнөх туршлагаасаа нүдээ нээх ёстой гэдгээ санаад үзэлцэж байгаад л гараас нь мултарч зугтаж чадсан даа.

29104166_1839830726089452_5665636873645588480_o

Энэ 4 цагийн бие хамгаалах курсийн дараа бодогдож байгаа бодлуудаа хуваалцахад:

1. Эмэгтэй хүн уян зөөлөн байх үедээ тийм байж, харин хэрэгтэй үедээ хад чулуунаас ч хатуу байж өөрийгөө болон хажуудах сул дорой хүнийг хамгаалах чадалтай байх хэрэгтэй юм байна.

2. 4 цагийн ноцолдооны дараа хамаг бие минь хөндүүр сууж байхад, гэртээ хэнд ч хэлж чадалгүй хүний нүднээс далдуур нөхөртөө зодуулж суудаг эмэгтэйчүүдэд ямар хэцүү байдаг болдоо гэж. Ер нь тэгээд эмэгтэй хүнд хүч чадлаа гаргаж байдаг эр хүмүүсийг би үнэхээр мал л гэж боддог. (уучлаарай бүдүүлэг үгэнд)

3. Монголд маань иймэрхүү тулааны урлагийн газрууд эмэгтэйчүүдэд зориулаад ийм сургалт хийвэл үнэхээр хэрэгтэй юм байна.

За ингээд энэ мэтчилэн толгойд бодогдсон бодлууд их байна. Ийм гоё сургалтанд суугаад өөрийнхөө өөр нэг талыг нээж харсандаа, мөн өөрийгөө хамгаалах олон аргуудыг сурсандаа үнэхээр баяртай байна.

Эмэгтэйчүүд минь иймэрхүү сургалтанд суугаад ямар үед яаж биеэ хамгаалахаа сураад авчхад гэмгүй юм байна лээ шүү гэж хэлмээр байна. Алийн болгон бид нар сул дорой байж, эрэгтэй хүний хүчин доор орох вэ дээ, тийм биздээ?

img_3599

Б.Мичидмаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s